Өнөөдөр өглөө (2022.12.16)  ИОНН, ҮЗЗ-ийн хэвлэлийн бага хурлын дараа шаардлагыг засгийн газарт хүргүүлэв.

Д.Хандсүрэн | 2022 оны 12 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

 

“ХУУЛЬТАЙ ХУЛГАЙГ” ТАСЛАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА

 

            Нийслэлийн төв талбайд 2022 оны 12 сарын 04-ний өдрөөс эхэлсэн нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаалын үеэр тавигдаж буй шударга ёсыг хүссэн, хулгайчгүй төртэй байх, ашигт малтмалын салбарын үйл ажиллагааг ил тод болгох олон нийтийн шаардлагыг Иргэдийн Оролцооны Нэгдэл нам анхнаас нь талархан дэмжиж байгаа бөгөөд ашигт малтмалын салбарт нүүрлээд байгаа баялагийн хулгайн томоохон хэсэг бол одоогийн мөрдөгдөж буй олон хууль тогтоомжоор хамгаалагдаж үлдсэн “хуультай хулгай” мөн гэж үзэж байна.

            Хэдийгээр УИХ, Засгийн газраас ажлын хэсгүүд гарч нүүрсний хулгайг илрүүлэх, таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хуулийг чангаруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч, эдгээр арга хэмжээтэй зэрэгцүүлэн ашигт малтмал, татвар, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид яаралтай горимоор шинэчлэл хийхгүйгээр ашигт малтмалын салбар дахь авилга, хулгайн үүд хаалга хаагдаагүй хэвээр үлдэхээр байна.  Иймд Иргэдийн Оролцооны Нэгдэл нам дараах шинэчлэлийг шуурхай горимоор зохиож байгуулж хийхийг УИХ, ЗГ-аас шаардаж байна. Үүнд:

  1. Ашигт малтмал ашиглах бүх үйл ажиллагааг, тухайлбал газрын гадаргуу, түүний хэвлий, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа тус бүрээр болон багцаар олгож болохуйц тусгай зөвшөөрлийн системтэй болгох. Зөвхөн уг системээр дамжуулан төр өмчлөлдөө байдаг ашигт малтмалыг ашиглах аливаа эрхийг багцаар буюу салангидаар шилжүүлэх, Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах аливаа этгээд татвар төлбөрийн тэгш орчинд үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэхийг шаардаж байна.
  2. Ашигт малтмал ашиглах үйлдлийн салшгүй хэсэг болсон ашигт малтмалыг борлуулах, баяжуулах, борлуулах зорилгоор тээвэрлэх, ачиж буулгах зэрэг аж ахуйн олон үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлгүй, тэдгээрийн орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авахгүй байгаа нь ашигт малтмалын салбарын бизнест тэгш бус байдал бий болгож улсын төсөв болон ирээдүйн өв санд төвлөрөх ёстой баялагийн орлогоос системтэйгээр хулгайлах орон зайг цөөхөн хэсэг бүлэгт нээж өгсөн байна. Энэ “хуультай хулгай”-г таслан зогсоох, тэгш бус байдлыг нэн даруй арилгахыг бид шаардаж байна. Үүний тулд аж ахуйн үйл ажиллагааны бүх шат дамжлагад НӨАТ тогтоон цахим бүртгэлд оруулсны нэгэн адил АМНАТ-ыг дотоодын ашигт малтмалын зах зээлийн бүх оролцогчид ижил хувь хэмжээгээр, экспортын шатанд түүнээс хоёр дахин өндөр хэмжээгээр тус тус тогтоон,  АМНАТ тооцон авч буй үе шат бүрийн бүртгэлийг НӨАТ-ын бүртгэлийн нэгэн адил бүрэн цахимжуулан, тооцоо тайлангийн ил тод, шударга тогтолцоонд оруулахыг шаардаж байна!
  3. АМНАТ төлөхгүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэн тэргүүнд нүүрсний салбарт гаргаж, алдагдсан төлбөрийн тоо хэмжээг тооцож олон нийтэд мэдээлэхийг тус тус шаардаж байна.

Энэхүү шаардлагын хариуг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ажлын гурав хоногт багтаан мэдээлэхийг хүсье!

 

 

 

 

ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ НАМЫН

ҮНЭТ ЗҮЙЛИЙН ЗӨВЛӨЛ

 

2022 оны 12 дугаар сарын 16

Улаанбаатар хот