Б.Нямдаваа | 2022 оны 09 сарын 13
Энэ жилийн сургалт маань 2022 оны 6-р сарын 23-нөөс эхлэн түр завсарлаад байсан бол 9 сарын 15-ны өдрөөс эхлэн намын гишүүдийн оролцоог идэвхижүүлэх, асуудал шийдэх чадавхийг сайжруулах зорилготойгоор шинэ төлөвлөгөөгөөр явагдаж эхлэхэд бэлэн болоод байна. Энэхүү шинэ төлөвлөгөөний дагуу нийт 9 ерөнхий сэдвийн хүрээнд багц хэлэлцүүлгийг сургалтын хамт 2022 оны 9-р сараас эхлэн 2023 оныг дуустал явуулах юм. Иргэд, намын гишүүд, дэмжигчид та бүхэн эдгээр сургалтуудад цаг алдалгүй хамрагдахыг хүсвэл ИОННамын Facebook хуудас-ыг дагаарай.
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 2021 оны 9 сарын 9-нд анхны үүсгэн байгуулах хурлаа хийсэн цагаасаа эхлэн намын гишүүд, дэмжигчид, иргэдийн улс төр, нийгэм, хүний эрх, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Пүрэв гаригт сургалт явуулсаар ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгамдсан асуудлуудын талаар нийт 32 удаагийн сургалт явагдсан юм. Эдгээр сургалтууд бүгд ИОННамын Facebook хуудас дээр онлайнаар шууд явагдсан бөгөөд нээлттэйгээр хадгалагдсан тул үзэж сонирхох хэн бүхэн нөхөж үзэх боломжтой.